Урт хугацаанд жолооны ард суух нь таныг нурууны өвчтэй болгоход хүргэдгийг та мэдэх үү.
Офист сандал дээр суух, жолооны ард суух нь сууж байгаагаараа ижил боловч нуруунд үзүүлэх гэмтлийн хувьд нилээн ялгаатай. Гуйвах, ганхах, чичирхийлэлт зэрэг хөдөлгөөнүүд нь нуруунд тун халтай.
Корнелл Их Сургуулийн профессор Алан Хэдж чичирхийлэл нь нурууны нугаламын хоорондох жийргэвч дискийг түлхэж зөөлрүүлэн улмаар нурууны дискэнд механик гэмтэл учруулахад хүргэдэг гэжээ.
Энэ гэмтлийг бий болгогч буруутан бол таны машины суудал юм. Түшлэгийг буруу градуст байнга байлгаснаар дээрх гэмтэл үүсэх аюултай.
Суудлын градус 130 байх нь хамгийн тохиромжтой. Та нэг удаа суудлаа зөв тааруулчихвал яваандаа хэвшил болчихно.
Мөн машин барьж байгаа үед хөлөө буруу байрлуулан дөрөөнүүд дээр гишгэснээс нуруунд гэмтэл учруулдаг. Та баруун хөлөөрөө гишгэдэг бол зүүн хөлөө бүтэн улаар нь тавих хэрэгтэй.
Хэрэв та удаан хугацаагаад жолооны ард суух бол түшлэгнийхээ градусыг бага зэрэг багасгах хэрэгтэй.
Удаан хугацааны буруу дадал нь таны нуруунд гажилт үүсгэж суулт үүсгэхээс авахуулаад нурууны мэдрэлийн судсанд нөлөөлөх аюултай. Тиймээс өөртөө зөв дадлыг хэвшүүлээрэй.